СОЛОНГОС УЛСЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТУХАЙ
Солонгос улсын нийтийн тээврийн систем нь цэвэрхэн, тав тухтай, аюулгүй орчинг бүрдүүлсэн гэдгээрээ дэлхийд өндөр үнэлэгддэг бөгөөд автобус, галт тэрэг, метро, нисэх онгоц, такси зэрэг нийтийн тээврийн төлбөр нь иргэдэд ч гэлтгүй гадаад оюутнуудын амьдралд өндөр үнэтэй тусдаггүй.
Гадаад оюутанд зориулсан нийтийн тээвэр ашиглах зөвлөмж
Солонгосын нийтийн тээврийг ашиглахад 2-оос дээш нийтийн тээврээр дамжин өнгөрөхдөө хөнгөлөлт авдаг тогтолцоотой. Ихэвчлэн төвийн бүсийн хот хооронд болон хот дотор автобусаас метро руу дамжин суухад хөнгөлөлттэй үнээр ашиглах боломжтой. Энэхүү хөнгөлөлтийн систем нь оюутан, сурагчдын тээврийн зардлын ачааллыг хөнгөлдөг. Одоогийн байдлаар ихэнх хотууд энэхүү дамжин суух хөнгөлөлтийн системийг хэрэгжүүлж байна.
Автобус
Энэ нь хот болон хот хоорондын автобуснуудад хуваагддаг бөгөөд үүнийг ашигладаг бүх хүмүүст сэтгэл ханамжтай, тохь тухтай үйлчилгээг үзүүлдэг. Тээврийн систем нь сайн тул автобусны зогсоол дээр автобусны ирэх төлөвийн мэдээллийг дэлгэц, дуу хоолойгоор цаг тухайд нь алдалгүй мэдээлдэг.
Метро
Метрогоор Сөүл болон томоохон хотуудад үйлчлүүлэх боломжтой. Гадаадын орнуудтай харьцуулахад харьцангуй цэвэр, тохь тухтай байдаг бөгөөд аюулгүйн ослоос урьдчилан сэргийлсэн аюулгүйн хаалга (дэлгэцийн хаалга) суурьлуулсан байдаг.
Галт тэрэг
Галт тэрэг нь хот хоорондыг холбодог үүрэгтэй. Экспресс автобуснаас хурдан зорьсон газартаа хүрэх тул цаг хугацааг хэмнэдэг давуу талтай. Аялал жуулчлал, бизнес аялал гэх мэт холын зайд аялахад өргөн хэрэглэгддэг.
Такси
Такси нь бусад орнуудтай харьцуулахад хямд, тухтай тул иргэд их ашигладаг. Гадаадын Uberийн нэгэн адил смарт утсандаа апплэйкшн татаж такси дуудах боломжтойгоос гадна такси хүлээх цаг, зорьсон газартаа хүрэх хугацаа, зай, тарифын талаарх мэдээллийг урьдчилан мэдэх боломжтой.
Агаарын тээвэр
Олон улсын 8, орон нутгийн 7 нисэх онгоцны буудал байдаг. Инчоны олон улсын нисэх онгоцны буудал нь үйлчилгээ, барилга байгууламж, ариун цэвэр, аюулгүй байдлын хувьд хамгийн сайн нисэх онгоцны буудал гэж тооцогддог тул жил бүр дэлхийн агаарын тээврийн жагсаалтанд тэргүүн байранд жагсдаг.
Дижитал хэрэглээ ихэссэн Солонгос улсад та нийтийн тээврийн хэрэгслийн билетийг онлайнаар хялбархан захиалах боломжтой. Нийтийн тээврээр зорчих цаг, ирэх цаг, сүүлчийн галт тэрэгний цаг гэх мэт олон төрлийн мэдээллийг нэг дор ухаалаг гар утасны аппликэйшн ашиглан харах боломжтой юм.